Миний Монголын сайхан
Бага нас,аав ээж,санаанд хоногшсоноо
шүлгээр илэрхийлэхийг оролдов.
Уулсын оройд одод анивчих сайхан
Уяан дээр морьд үүрсэх бүр сайхан
Унтаж байхад аав ээж дүнгэр дүнгэр ярих сайхан
Ээж минь ирээд хацар дээр зөөлхөн үнсэх бүр сайхан
Алсын аянаас аав ирэх сайхан
Аавд цай аягалан барих ээж бүр сайхан
Ноход боргуулан морьтой хүн ирэх сайхан
Намар говь хэнзлэн ногоорч харагдах бүр сайхан
Бороо олон хоногоор зүсрэн орох сайхан
Бүгдээрээ манайд цуглаад даалуу тоглох бүр сайхан
Гүүн зэлэн дээр адуу унгалдах сайхан
Хотонд хуц ухна мөргөлдөх бүр сайхан
Алсын ууланд бороо цайрах сайхан
Айлын хүүхдүүдтэй хөл нүцгэн гүйлдэх бүр сайхан
Ингэ ботгондоо яаран тэшин ирэх сайхан
Ээж сумын төвөөс ирж баадангаа задлах бүр сайхан
Унага уургалан чарлуулах сайхан
Уртийн дуу шууранхайлан гүүгээ хураах бүр сайхан
Айраг сөгнөн дэмбээдэх сайхан
Айлын хүмүүс цуглан борцтой цай уух бүр сайхан
Тугал оодогнон давхих сайхан
Тун удалгүй тэнгэр бүрхэн бороо дуслах бүр сайхан
Багын ухуулагч ирж сонин тараах сайхан
Баринтигтай номоор адис өх аав бүр сайхан
Унага татан гүүгээ саалгах сайхан
Уруул чимчигнүүлсэн айраг уух бүр сайхан
Тооноор тусах хойморын нар сайхан
Торгон дээл оёж суугаа ээж бүр сайхан
Хотонд хонь хургалах сайхан
Холын тэнгэрт од харвах бүр сайхан
Эргэнэгэн дээрх тавагтай өрөм сайхан
Ээжийн сааль ханхалсан тэрлэг бүр сайхан
Балдан гуайн худлаа ярих сайхан
Бат гуай сонинд тамхи ороох бүр сайхан
Унага тамгалан наргих сайхан
Уул тахин шүтэх бүр сайхан
Хонь ноослох сайхан
Холын аянаас хүн ирэх бүр сайхан
Эмээлээ дэрлэн хээр хонох сайхан
Ээжтэйгээ хамт айлын найр хэсэх бүр сайхан
Хурдны морь хөлслөх сайхан
Хөтөлгөө морьтой адуунд явах бүр сайхан
Номхон тэмээгээр нүүх сайхан
Наадамд бэлдэн морины дэл засах бүр сайхан
Тогтох гуай хөгшинтэйгээ маргалдах сайхан
Тун удалгүй тачигнатал инээлдэх нь бүр сайхан
Саахалтын айлтай хургаа зөрүүлэх сайхан
Саран хээр хонож үүр цайх бүр сайхан
Цан хүүрэг савссан өглөө сайхан
Цас уулгалан орох бүр сайхан
Аавдаа загнуулан гоморхох сайхан
Айлгаж байгаад аргадуулах бүр сайхан
Тогоотой сүү дэврэх сайхан
Түүнд сандачин босон харайх ээж бүр сайхан
Тээр алсад аянга цахилах сайхан
Тэнгэр дуугарахад айраг бүлэх бүр сайхан
Орой хонио хотлуулах сайхан
Орсон буур хүрхэрэн шавах бүр сайхан
Хөгшид таягаа мартаад алхах сайхан
Хүүхэд хөлд орон баацганах бүр сайхан
Нүүдэлчдийг тосож цай уулгах сайхан
"Нүүрэг"-ийн бууц хөлд хөглөрөх бүр сайхан
Хавар ямаа самнах сайхан
Хатсан борц цайнд хөшиглөх бүр сайхан
Унаа морьдын хөлс дуслах сайхан
Уулын энгэрийн цас цоохортох бүр сайхан
Хуруу гарган айргаар шахуулах сайхан
Хурдан морины дэл сүүл боох бүр сайхан
Шөнийн чимээгүйд адуу тургилах сайхан
Шүүдрийн дуслаар хөл нүцгэн гүйх бүр сайхан
Галын оч зуухны амаар улалзах сайхан
Гадаа шон дээр эмээлтэй морьд шилгээх бүр сайхан
Гэрийн бүрээс пад пад дуугарган бороо орох сайхан
Борооны дараа солонго татах бүр сайхан
Тэртээх говьд мяралзах зэрэглээ сайхан
Тэмээний хөл уртасч тэнгэрт харагдах бүр сайхан
Шөнийн тэнгэрт цахилах аянгийн гялбаа сайхан
Сартай шөнө алсын юм бүдгэрч харагдах бүр сайхан
Намар сургуульд орох сайхан
Будаг нь ханхалсан ангид багш орж ирэх бүр сайхан
Тэнгэрийн хаяа улайрах сайхан
Тэргэл саран үүлэн цаагуур нуугдах бүр сайхан
Тос даасан намар цаг сайхан
Торгон дээлээр гоёсон аав ээж хоёр бүр сайхан
Уулын орой цавцайтал хяруу унах сайхан
Ухааны цараа ихтэй өвгөдийн яриа бүр сайхан
Хангал догшин адуу уургалах сайхан
Хантайртал тогтоогоод ногтлох бүр сайхан
Өглөө эрт босоорой гэх аав сайхан
Өрөм зөөхий аягалан барих ээж бүр сайхан
Ээрэм талд хуй босох сайхан
Ээж "Алтангэрэл"-ээ бариад гэрээ тойрох бүр сайхан
Одод жирвэлзэх идэр есийн хүйтэн сайхан
Орчлонд ганцхан миний нутаг бүр сайхан
Г.Дашзэгвэ