Saturday, August 9, 2014


Бага Газрын Чулуу


2013 оны 8 дугаар сарын эхний аагим халуун нар шарсан тэр нэгэн өдөр манай том хүү Мартын гэр бүл, дотны анд Чангаравын гэр бүлийн хамтаар Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Бага Газрын Чулуу руу хийх аялалдаа гарлаа. Бага Газрын Чулуу нь Улаанбаатараас 230 км, Мандалговь хотоос 70 км зайтай орших  Дундговь аймгийн нутагт орших үзэсгэлэнт газруудын нэг юм.

  Бага Газрын Чулуу





Бага Газрын Чулуу нь баруунаасаа зүүн тийшээ сунаж тогтсон уртаараа 15 км , хойноосоо урагшаа 10 орчим км  ажиглахад дээр дээрээс нь давхарлаад хураачихсан юм шиг үелсэн тогтоц бүхий боржин чулуун асга хад бөгөөд  ерөнхийдөө намхавтар толгодийн дунд оршдог учраас алсаас цэнхэртэн харагдах нь үзэсгэлэн төгс ажгуу.
Манай аялалын багийнхан замдаа үдийн  цайгаа уугаад тэр оройгоо уулын зүүн хойд талд байрлах Баянбулаг жуулчны баазаар дайран Сөдөтийн амны зүүхэн талд ганц өнчин хайлаастай аманд буудлахаар шийдэн майханаа босголоо.

Манай кемп



Монгол орныхоо байгалын үзэсгэлэнт газруудаар аялж байгалийн дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг мэдэрч түүгээр бахархаж явах шиг жаргал байдаггүй бололтой.
Бидний өвөг дээдэс минь энэ сайхан байгаль, газар нутгийг бидэнд үлдээх гэж халуун амь бүлээн цусаа хайрлалгүй олон зуун жил үе удмаараа тэмцэж ирсэн түүхийг хойч үедээ яс маханд нь шингэтэл ойлгуулж эх орон ч үзлээрээ, баялаг түүхээрээ бахархаж явах сэтгэхүйг тархинд нь суулгаж өх хэрэгтэй байна.
Орой болж нар шингэсний дараа түнэр харанхуй нөмөрхөд өндөр өндөр байц хадны дунд байгаа бид нарт цаанаа л нэг сүрдмээр энэ тэнд ямар нэгэн амьтны дүрс ч харагдаад байгаа юм шиг хэрвээ энд ганцаараа байгаа бол яанаа гэсэн айдас жихүүдэс төрж байлаа.Харанхуйн дундаас ямар нэгэн чимээ гарч ууль хашгирах нь бүр ч зэвүүн.

Түүдгийн дэргэд





Оройн хоолоо идсэний дараа хатсан хуурай түлээ цуглуулан түүдэг асааж түүнийгээ тойрон суугаад хорвоогийн элдэв сониныг ярихад хүн бүрт сайхан санагдсан төдийгүй айдас хүйдэс ч мартагдаж гал гэдэг зүйл хүн төрөлхтөнд хичнээн их хэрэгтэйг монголчууд эртнээс галыг яагаад тахидгийг тэрхэн мөчид ойлгоцгоов бололтой.
Маргааш өглөө нь тэнгэр тогтуухан нартай сайхан өдөр байлаа. Бага Газрын Чулууны хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1768 метр өргөгдсөн Тахилгат уул бөгөөд Монгол орны нэн ховордсон амьтан болох аргал янгир цөөн тоогоор нутагладаг.
Бид нар аялалын гол хэрэгслэл болох зургийн аппарад камераа аваад явган аялал хийхээр шийдэж юуны өмнө энд аялсан хүмүүсийн очих дуртай Сөдөтийн амыг сонирхохоор явцгаалаа.
Сөдөтийн амны чулуун хавцалдах хайлаасан төгөл дунд нэгэн бяцхан хийдийн туурь байх бөгөөд 300 гаад жилийн өмнө нэгэн лам бурханы сургаальд шимтэн бясалгал хийх зорилгоор уг хийдийн суурийг тавьсан түүхтэй.
 Хавцлын дээрээс эхтэй уулын бяцхан горхины усыг шуудуу болгон  сүмийнхээ шалан доогуур урсгаж ундны усныхаа эх үүсвэрийг шийдэж байсан нь харахад илт байлаа .Тэр лам  анх суурьшихдаа ганц хайлаас тарьсан нь одоогийн энэ хайлаасан төгөл болжээ.Сайн санаат хүмүүний бүтээсэн зүйл зуу зуун жилийн түүхтэй ажгуу.
Уг хийдийг нутгийнхан Ловончомбын хийд гэх бөгөөд сүүлд Дэлгэрийн Чойрын хамба лам байсан түүхт их хүн Заваадамдин гавж морилон зохиол бүтээлээ туурвиж байжээ.Заваадамдин гавж бол шашины их зүтгэлтэн төдийгүй ардын засгийн үед төрийн хэрэгт оролцож байсан суут хүн юм.
Нутгийн байгаль хамгаалагчийн ярианаас үзвэл 2009 оны зуданд аргал янгирын сүрэг их цөөрсөн бөгөөд үхсэн янгирын гэдэснээс хадаг хүртэл гарч байсан нь их цас орсноос идэх юмгүй болсон амьтан арга ядахдаа хадаг хүртэл идэж байсан нь үнэхээр эмгэнэлтэй санагдаж билээ. Зуд зурхан болоход мал ч яахав эзэнтэй, харин эзэнгүй билчиж байгаа нэн ховордсон ан амьтнаа гэсэн сэтгэл төр засагт дутагдсаар байгаа бус уу?

Үзэсгэлэн төгөлдөр



Миний ач нар Сөдөтийн аманд



Хангайд ургадаг төрөл бүрийн 
ургамал цэцэгсийг эндээс харж болно.






Бидний мэдэхгүй ямар нэгэн төрлийн жимс ургажээ.


Манайхан хадны орой дээгүүр 
янгир ямаа шиг л асцгааж байна.






Үдээс хойш болж тэнгэр борооших төлөвтөй бид нар ч майхан руугаа буцацгаалаа.
Майхандаа иртэл Чангарав маань байдаггүй, бодвол майхнаасаа арай хойгуур зөрөөд явчихсан байх гэж бид нар таамаглацгаав.Тэгэж байтал манай Сараа Ариунзаяа хоёр хойд хадан дээр гарч тэд нарыг харахаар явтал юу юугүй тэнгэр дуугарч цахилгаан цахилж үер буулаа.Бид нар сандран гарч харвал Сараа Ариунзаяа хоёр маань ч харагддаггүй бодвол тэдний хойноос даваад явчихсан бололтой.Бороо удалгүй зогсож хавцлын амнуудаар үерийн ус шуугин буухад тэд нарынхаа хойноос бүр их санаа зовлоо.Орой болж нар шингэх дөхөж байгааг хэлэх үү, өндөр хадны орой дээр гарч хий дэмий л баахан хашгирлаа.Бага Газрын Чулуу нь төөрсөн хүн, ялгахад хэцүү асга хад ихтэй олон амтай бөгөөд ,өдөр уулзсан байгаль хамгаалагч энүүгээр гүйдлийн чонотой гэж хэлсэнийг ч хэлэх үү, хадан дээрээс халтирч унаж хөл гараа гэмтээчих байх гэхээс улам бүр айдас хүрч байлаа.Нар шингэхийн алдад Чангарав зүүн урдаас ирлээ.Манай хоёр ч Мотоциклтой хүнтэй сундалчихсан хүрч ирж сэтгэлийг минь амраалаа.
Тэр хоёр төөрөөд зүгээ мэдэхгүй явж байтал ашгүй айлын бараа харагдаж тэндээс хүн хүргэж ирсэн нь энэ аж.

Манан татаад нэг иймэрхүү




Маргааш өдөр  уулын баруун хойд талд байх шовх хадны дор орших Жаргалантын агуйг сонирхолоо.Энэ агуй 2 м орчим диаметртэй уртаараа 18 метр, хүн мөлхөж ороод мухарт нь тулдаг ба ойр орчмоороо болор ихтэй байсны шинж тэмдэгтэй аж.

 Жаргалантын агуй



 Тэндээс олсон болор


Жаргалантын агуйн урд талын өндөр уулын хойд хажууд нилээд дээхэн нь налуу хадан дээр эгц доошоо өрөмдсөн мэт хагас метр орчим нарийхан нүхэнд борооны ус урсаж тогтсоныг нутгийнхан нүдний рашаан хэмээн дээдлэх бөлгөө.

 Нүдний рашаан




Тахилгатын урд энгэрт Жунгааны агуй гэдэг том агуй байх бөгөөд явган очиход нилээд төвөгтөй улаан хошуут Жунгаа болон Тагтааны сангасаар дүүрсэн агуй байдаг.
Бага Газрын Чулуунд хүрлийн үеийн  ховор нандин зураг  гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр  бий. Янгир ямаа , нум сум, хүн, нохойтой төстэй  амьтныг дүрслэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугын зураг байдаг ба170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг Дундговь аймгийн хэмжээнд үнэт олдворт тооцогддог. Бид нар Бага Газрын Чулуунд хоёр хоноод улмаар Мандалговиос урагш Хүрхийн хаданд нутагладаг дүү Мөнхбаатарынд очихоор хөдөллөө.

 Уйтгартайхан
үлдсэн өнчин хайлаас


 Мандалговь хотыг дайрч цааш 18 км яваад хүрэх газартаа ирлээ.Таана хөмүүлийн үнэр хамар цоргиж таанын цагаан цэцэг хааяа нэг хөмүүлийн ягаан цэцэгтэй холилдон өнгө алагласан нь үзэмжтэйгэээс гадна ёстой л болчихсон тариа шиг манай говь цаанаа л нэг нүдэнд дулаахан харагдаж байлаа.

 Өнгө алагласан нь





Мөнхбаатарынх


Гэрийн эзэн ирсэн нь



Бидэнд зориулж ямаа төхөөрөв



Мандалын говь


Хүрхийн хад аймгаас урагш 17 орчим км сунан тогтсон хадан цохионууд юм.Тэр хадан дунд миний бага насны дуртгалууд үлдэж  хоцорсон бөгөөд намайг бага байхад ургамал ногоо жигдэрсэн бүйлс бут нь цэцэглэсэн ёстой л солонгийн долоон өнгөөр алаглаж байдаг нь тодхон санагдаж байлаа. Жил ирэх дутам газрын хөрс нь эвдэрч булаг шанд нь хатаж ширгэсээр Их булаг, Бага булаг хоёр арай амь тасраагүй нүд аних өдрөө хүлээсээр.

Баян булаг


Ямааны хорхог ч амттай шүү



Манай охин хаана ч явсан дугуйтайгаа




 Хонин гүрвүүл



Говийн наран жаргав




Бид нар хэд хоног ямааны тараг, сүү ууж биеэ жаал тэнхэрүүлж бас хэдэн шил хөмүүл түүж дарснаар энэ удаагийн аялал өндөрлөж нутгийн зүг хөлгийн жолоо залав.

 Үдэлт





Манайхан хаа явсан газраасаа өнгийн чулуу түүх сонирхолдоо хөтлөгдөн зогссон газар бүрдээ газар шагайцгаан доош тонгойсоор.

Чулуу түүж байна





Г.Дашзэгвэ

No comments: