Wednesday, August 6, 2014

Ширээт нуур руу хийсэн аялал.

Манай орны үзэсгэлэнт газрын нэг болох Хүйсийн найман нуурын нэг болох Ширээт нуурын зургийг дурандаа буулгах зорилгоор наадмын дараа, зуны дэлгэр сайхан цагаар хөлгийн жолоог залав.Өөрийн дотнын найз Чангаравын гэр бүлийн хамт Улаанбаатараас Элсэн тасархай Хужирт , Бат-Өлзийт, Орхоны хүрхэрээ буцаад Бат-Өлзийт ,Уянга ,Найман нуур ,Уянга, Тарагт ,Арвайхээр ,Улаанбаатар гэсэн маршруютаар нийт 1140 км замыг туулав.Очих замдаа үргэлжилсэн бороонд хоёр хоног саатсаныг эс тооцвол аялал маань сайхан болж адал явдлаар дүүрэн болж өнгөрлөө.Замдаа түр амарч цайлаад Элсэн тасархай дээр иртэл өөдөөс тэмээ хөтөлсөн морьтой хүмүүс тосон авч тэмээ унуулж үзэхийг тал талаас гуйх нь ярьшигтай санагдаж байлаа.Гэвч яая гэхэв манай хоёр 6000 төгрөг төлж тэмээ унаж зураг татууллаа.

Тэмээ унасан нь


Замдаа Хужирт сумыг дайрч цааш явсаар орой болж бороо орж эхлэхээр бууж майханаа барих агшинд тэнгэрт ийм сайхан солонго татав.
Солонго


 Маргааш нь өдөржин бороотой байсан тул тэндээ амарч  хоноод өглөө аажуухан босож Үүрдийн тохойн рашаан дээр ирлээ.
Энэ рашааныг элэг цөс ходоонд сайн гэх бөгөөд авахын тулд Орхон голын эгц хадан хясаа руу нисч үхэхгүйн тулд өөрийгөө оосорлож доош бууж авдаг .Бид нар яаж тэгэж зүрхэлхэв тэнд зарж байсан рашаанаас худалдан авч амсаж үзэхэд хүхэр амтагдсан бага зэрэг гаазтай байлаа.
Харин Хархорин болон Өвөрхангай аймгийн замууд саяхан тавигдсан боловч их эвдрэлтэй хурдан явахад үнэхээр хүндрэлтэй байлаа.Хархорин,Орхон голын байгалын цогцолбор газар нь аялал жуулчлалын онцгой чухал бүсэд орох тул дэд бүтэж ялангуяа зам харилцаа чухал гэдгийг холбогдох хүмүүс мэддэг байлтай.
Бат-Өлзийт сумаас Улаанцутгалан орох 2 зам байх бөгөөд урдуур явдаг зам хэд хэдэн удаа Цагаан голын гармаар гарах тул мостгүй жижиг тэрэг явж чадахгүй харин сумын хойд талын гүүрээр гараад явбал саад багатай хурдан очих бололтой юм.
Энэ хөндийгөөр аялж байхад тэр нэгэн үед байгаль дэлхий уурлан түрхэрч халуун хайлмаг лав хөндий дүүрэн бялхаж ,үнс нурам нь нар харанхуйлж ямар их аймшигтай гай гамшиг болж байсныг илтгэх мэт галт уулын хүрмэн чулуу хаа сайгүй тарж овоорсон харагдах нь байгалын аюул сүйрэл нь хэдэн арван сая жилийн дараа ч ул мөр нь хэвээрээ байдаг үзэгдэл ажээ.

Орхон гол руу цутгадаг Улаангол 24 м өндөр хясаа руу буухдаа 2 салаалж улмаар хүрхэрээ үүсгэдэг . Хүрхэрээ рүү доошоо бууж болох боловч хүүхэд болон хөл муутай хөгшин настай хүмүүст бол нилээд хэцүү бололтой юм.


Хүрхэрээг тойрон гэр жуулчины баазууд байх ба гаднаа нийтийн бие засах газартай ,ялаа батгана ,хамар сэнгэнэсэн эхүүн үнэр нь огт  таалагдсангүй.


Гадаадын жуулчид аргагүйн эрхэнд ам хамраа таглан бие засч байгаагийн нь харахад өрөвдмөөр ч юм шиг. Ийм нөхцөлд манай улсад аялал жуулчлал дэлхийн жишгээр хөгжинө гэдэг хол байна даа гэж бодогдож байлаа, гэвч Монголчууд бид ч яая гэхэв.
Хүрхрээний гадаа чулуу мод зэрэг байгалын  биет зүйлсээр үзэсгэлэн гаргасныг аялж яваа хүмүүс үзэж сонирхож байв.


Үзвэрийг нь үзээд Монголчууд мөнгө төгрөг өгч байгаа харагдсангүй,гадаадын жуулчид тав арван доллар өгдөг байлгүй дээ, тэхээс юу гэж л ингэж зогсов гэж.
Бид нар Орхоны хүрхрээг үзээд буцаж Бат-Өлзийт сум ороод урагшаа Уянга сумыг чиглэн аялалаа үргэлжлүүллээ.

Бат-Өлзийт сумаас урагш Өлтийн даваа хүртэл байгалын сайхныг шимтэн сонирхсоор урт замын алжаалаа умартан ёстой л сэтгэлийн цэнгэл эдэлж явлаа.

Бид хоёр


Миний охиныг ялаа барих нь ээ



Манай найзууд


Сарлагийн бух Монголын бух хоёр хүчээ үзэж байгаатай тааралдав.

Билчээрлэж буй сарлаг


 Зэлтэй унага


Уул нь Орхоны хүрхэрээгээс Найман нуур хүртэл хойноос нь очвол 20 гаруйхан км боловч
даанч машин явах аргагүй тул буцаж Бат-Өлзийт сумаар явах болсон юм.Харин морин аялал хийвэл хойноос очиж болох юм.Уянга сум орох замд сумын хойхно талд Өлтийн даваан дээр гараад харахад үнэхээр элэг эмтрэм дүр зураг ажиглагдлаа.Давааны ар талыг нөхөн сэргээлт хийсэн нэртэй боловч хэзээ ч байгаль хуучин байдалдаа эргэн ордоггүй нь харагдаж байв.Давааны энгэр Өлтийн амыг Алтны уурхай олборолт хийхдээ байгаль дэлхийг хэрхэн сүйтгэж болдгийг харуулжээ.Нутгийн хүнээс асуувал Эрэл компаны алтны уурхай олзворолт явуулж ийм болгосон ба одоо ч тэнд түм түчигнэж бум бужигнаж байна. Уурхай дагасан нинжа нар хужаа мотоцикл унан энэ тэндгүй холхилдож байгаа нь илт байв.
Өлтийн голыг боож алт угааж нилээд хэдэн усан буу ажиллаж байгаа харагдана лээ.

Өлтийн хөндийн байдал



Эрэл компаны алтны уурхай



Уянга сумаас Найман нуур 38 км зайтай орших ба сумаас баруун хойш чигтэй Шурангийн голыг
өгсөөд явдаг ба бороо хур ихтэй жил бол замдаа шавар ихтэй тул туулах чадвар сайтай машинаар явахгүй бол болохгүй . Замд Шурангийн цохио нэртэй 28 м өндөр сүрлэг хадан цохио байх бөгөөд чулуу давуулж шидэж чадвал хүссэн хүсэл биелдэг гэхээр нь шидэж үзээд барахгүй гэдэг нь ойлгомжтой.

Шурангийн цохио
 

Бидний очдог өдөр бороо ихтэй байсан учраас замд тааралдсан шаврыг тун хянамгай үзэж гарч болох замыг сонгон туулж явсаар Ширээтийн даваан дээр гарч ирэхэд үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэн төгөлдөр байгаль нүдний өмнө харагдаж байлаа.

Ширээт нуур



Ширээтийн даваа урдаасаа ирэхэд гайгүй ,үе үе шавартайгаас өөр саад үгүй, харин ар тал руугуу эгц уруу хэд хэдэн мушгиатай хад ихтэй ялангуяа бороо орсон үед буцаж гарахад их хэцүү машины чадал зааж байж гарч ирэхээр юм билээ.Даваан дээрээс хэдэн зураг аваад аажуухан доош бууж том том хадтай замаар бэдчүүлсээр ширээт нуурын эрэг дээр очив.Ширээт нуур хойд өргөргийн  46°31'35.09"N,зүүн уртрагийн 101°50'8.19"E-д далайн түвшинээс 2450 м- ийн өндөрт оршдог.

Үзэсгэлэн төгөлдөр нуур


Нуурын эргээр хад асга ихтэй тул майхан барих газар хайж олоод тэндээ хоноглохоор шийдэцгээв.Би ч орой нар шингэх мөчийг хүлээж  хэдэн зураг буулгахаа л бодож байлаа.Тэр оройны нар нэг иймэрхүү шингэлээ.
Наран жаргах мөч




Орой хоолоо идээд түүдэг асаан тойрч суугаад аян замд тохиолдсон сонин хачин адал явдлаа яарилцах шиг сайхан амралт үгүй бололтой.

Түүдэг асааж байгаа нь


Түүдэг


 Зураг авах мөчид бүгдээрээ нэг тийшээ харав.



 Шөнө орой болж унтахдаа  аян замын алжаалаасаа болж унтчихаж магадгүй гэж бодоод  өглөөний 5 цагт сэрүүлэг тавьж маргааш өглөө зорьж ирсэн хүслээ гүйцээж хэдэн сайхан зураг дарна даа гэж бодсоор унтлаа.Өглөө эрт босоод нуурын үзэсгэлэнт мандал дээрээс хэдэн сайхан зураг авлаа.
Өглөө дарсан зурагнаас




Өглөө эрт нуурын эрэг дээр амарч байсан гадаадын жуулчид аялалаа цааш үргэлжлүүлэхээр аян замдаа хөдөлж байгаа харагдав.


Каск өмссөөд морь унаад явж байгаа нь сонин харагдаж байлаа



Тэдний ачаа хөсөг тусдаа явдаг бололтой.


Ширээт нуураас цааш бусад нууруудыг үзэхийн тулд явган аялал эсвэл морин аялал хийх шаардлагтай тул бидэнд тийм боломж байхгүй учир бороо орохоос урьтаж маргааш өдөртөө амжиж ширээтийн давааг давж хоноглохоор шийдсэн нь зөв болж яг даваан дээр гарах үеэс бороо орж эхлэлээ.Манай нутгийн хаана ч явж байсан нүүдэлчин аж ахуй өөр өөрийн онцлогтой сайхан юм.
Халуун зунаар нэмнээтэй


Эхийгээ хөхөөд цадсан юм байх даа


Уянга сумаас шатахуунаа дүүргээд сумын төвөөс цааш Арвайхээр хот орох замд хол бараадан хонохыг бодсон боловч олигтой захад нь майхан бариад хоночих гол олдсонгүй учир бороо орж магадгүй гэж бодоод өндөр дэнж дээр майханаа барьлаа.Орой бүрий болохын үед мотоциклтой залуу бидэнд айраг амсуулахаар 5 л айраг авчирсан нь сайхан санагдаж байлаа.Нүүдэлчин ардын сайхан өв уламжлал зах зээлийн өнөөгийн нөгцөлд сэргэж байгаа нь сайхнаас гадна бүтээглэхүүнээ худалдах сонирхолд нь нийцэж байлаа.
 Маргааш өдөр нь тэндээ амарч хонохоор шийдэж байтал үдээс хойш үүл бөөгнөрч тэнгэр дуугаран мөндөртөй бороо орж биднийг нилээн сандаргалаа.

Борооны дараа нэг иймэрхүү  


 Мөндөрт уруудсан хонь


Ижлээсээ төөрсөн ишиг

 Гамшигийн дараа бид нар


Маргааш өглөө эрт босож Тарагт сумаар дайран Арвайхээрийн зүг хөдөллөө.

Манай эх орон ч сайхан шүү



Алаг цэцэгсийн орон



Арвайхээрээр дайрч Элсэн тасархай дээр ирээд алдарт Хөгнөхан уулийнхаа зургийг дурандаа буулгалаа.
Алдарт Хөгнөхан уул


Тэр оройдоо Улаанбаатартаа ирлээ.
Аялалын явцад ажиглахад  давтагдашгүй тансаг сайхан байгальдаа аялагчид хогоо авалгүй хэвээр үлдээсэн эь сэтгэл эмзэглүүлж байлаа.
Онгон дагшин байгаль дэлхийгээ энэ хэвээр нь  хойч үедээ үлдээх юмсан гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж билээ.
Жич: Бүх зургийг  би өөрөө авсан болой.
Г.Дашзэгвэ

No comments: